Буцаалт хийх тохиолдол
- 1.1
Захиалга буруу очсон — хүргэгдсэн бараа таны баталгаажсан захиалгаас дараах байдлаар зөрсөн:
өөр бүтээгдэхүүн, брэнд, амт, хэмжээ эсвэл тун;
тоо ширхэг дутуу эсвэл илүү;
хүргэгдэх өдөр хүчинтэй хугацаа нь дууссан байсан.
- 1.2
Хүргэлтийн явцад гэмтсэн — бараа танд дараах байдалтай хүрсэн:
сав хагарсан, цоорсон, гоожсон;
битүүмж (лац) задарсан эсвэл урагдсан;
гадна хайрцаг ноцтой дарагдаж, доторх сав гэмтсэн.
- 1.3
Үйлдвэрлэлийн доголдолтой — таны буруу хадгалалт, хэрэглээнээс бус шалтгаанаар бараа чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:
өнгө, үнэр, бүтэц нь тухайн бүтээгдэхүүний хэвийн байдлаас илт өөр (хөгцөрсөн, бөөгнөрсөн, шарласан г.м.);
дотор нь байх ёсгүй бодис, хог байсан;
эрх бүхий байгууллага эсвэл үйлдвэрлэгч тухайн багцыг чанаргүй гэж тогтоосон.
- 1.4
Энэ тохиолдолд бид барааг нийлүүлэгчтэй хамт шалгаж, доголдол баталгаажвал Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу солих эсвэл төлбөрийг буцаана.
Буцаалт хийхгүй тохиолдол
- 2.1
1-р хэсэгт заасан тохиолдлоос бусад бүх тохиолдолд буцаалт хийхгүй. Тухайлбал:
санаагаа өөрчилсөн, өөрөө буруу бараа сонгож захиалсан;
хэвийн байдалтай барааны амт, үнэр, хэлбэр, савлагааны загвар таалагдаагүй;
үр дүн мэдрэгдээгүй, хүлээлтэд хүрээгүй;
хэрэглэсний дараа харшил, гаж нөлөө илэрсэн (5-р хэсэг);
лацыг задалсан эсвэл хэрэглэсэн;
хүлээн авсны дараа буруу хадгалснаас (нар, халуун, чийг, хөлдөлт) гэмтсэн;
гадна хайрцаг, уут үрчийсэн ч доторх сав, лац нь бүрэн бүтэн;
4-р хэсэгт заасан хугацаа хэтэрсэн, эсвэл 4-р хэсэгт заасан нотлох баримт байхгүй.
Бараа хүлээн авахдаа
- 3.1
Хүргэлтийн ажилтны дэргэд гадна савлагааг шалгана уу. Илт гэмтэлтэй бол хүлээн авахаас татгалзах эсвэл ажилтанд хэлж зураг авахуулна уу.
- 3.2
Боодлоо задлахдаа видео бичлэг хийхийг зөвлөж байна. Энэ нь хүсэлтийг тань хурдан шийдэхэд тусална.
- 3.3
Хүсэлт шийдэгдэх хүртэл бараа, сав, уут, шошго, баримтыг хаялалгүй хадгална уу.
Хүсэлт гаргах хугацаа, нотлох баримт
- 4.1
Захиалга буруу очсон (1.1) болон хүргэлтийн явцад гэмтсэн (1.2) тохиолдолд барааг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор хүсэлтээ илгээнэ. Хугацааг манай системд бүртгэгдсэн хүргэлтийн цагаас тоолно. Үйлдвэрлэлийн доголдол (1.3) илэрвэл тухайн барааг хэрэглэхээ зогсоож, барааны хүчинтэй хугацааны дотор бидэнд даруй мэдэгдэнэ үү.
- 4.2
Хүсэлтэд дараахыг заавал хавсаргана:
захиалгын дугаар;
асуудлыг тодорхой харуулсан зураг эсвэл видео: бараа, шошго, хүчинтэй хугацаа, гэмтэл болон гадна савлагаа;
тоо дутуу бол ирсэн бүх барааг нэг дор авсан зураг.
- 4.3
Хүсэлтийг mongoliawellme@gmail.com хаягаар эсвэл 88933977 дугаараар илгээнэ.
Харшил, гаж нөлөө
- 5.1
Хэрэглэсний дараа харшил, гаж нөлөө илэрвэл хэрэглээгээ даруй зогсоож, эмчид хандана уу. Яаралтай бол 103-т залгана уу. Дараа нь бидэнд мэдэгдвэл бид тухайн багцыг нийлүүлэгчтэй хамт шалгаж, тантай холбогдоно. Энэ нь буцаалтын үндэслэл болохгүй.
Эргүүлэн татах
- 6.1
Эрх бүхий байгууллага эсвэл үйлдвэрлэгч барааг эргүүлэн татсан тохиолдолд Wellme худалдан авагчдад өөрөө мэдэгдэж, хуулийн дагуу солих эсвэл төлбөрийг буцаана.
Хүсэлт шийдвэрлэх
- 7.1
Бид хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 ажлын өдөрт шалгаж хариу өгнө.
Хүсэлт зөвшөөрөгдвөл бид асуудалтай барааг өөрсдийн зардлаар танаас авч ирнэ.
Та ижил бараагаар солиулах эсвэл төлбөрөө буцаан авахыг сонгоно. Тоо дутуу бол дутуу барааг нэмж хүргэнэ.
Төлбөрийг бараа бидэнд ирснээс хойш 5 ажлын өдөрт таны анх төлсөн хэрэгслээр буцаана.
- 7.2
Буцаалттай холбоотой бүх зардлыг Wellme хариуцна. Буцаалт зөвхөн асуудалтай бараанд хамаарна. Захиалгын бүх бараа буцаагдвал хүргэлтийн төлбөрийг мөн буцаана.
Шийдвэрт санал гаргах
- 8.1
Бидний шийдвэрт санал зөрүүтэй бол хариу авснаас хойш 3 ажлын өдөрт нэмэлт тайлбар, нотлох баримтаа илгээнэ үү. Бид хүсэлтийг дахин нэг удаа хянаж, 3 ажлын өдөрт эцсийн хариу өгнө.
Хуулиар олгосон эрх
- 9.1
Энэ нөхцөлийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлж гаргасан. Аль нэг заалт хуулиар хэрэглэгчид олгосон эрхээс дутуу бол хуулийг баримтална. Та хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
Асуулт байна уу?
Энэ баримт бичгийн талаарх асуулт, хүсэлтээ mongoliawellme@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид ажлын 10 өдрийн дотор хариу өгнө.