# Үе тэнгийн дээрэлхэлт ба сэтгэцийн эрүүл мэнд

> Нэг буюу хэд хэдэн үе тэнгийн хүүхэд, өсвөр насныхны зүгээс бусдад хор хөнөөл учруулах зорилготой, давтамжтайгаар үйлдэгддэг сөрөг зан үйл

- Эх хуудас: https://wellme.mn/posts/ue-tengiin-deerelkhelt-ba-setgetsiin-eruul-mend
- Зохиолч: [Dr Ж.Амарзаяа, MD, MPH. PhD](https://wellme.mn/authors/dr-j-amarzayaa)
- Ангилал: Mental health
- Нийтэлсэн: 2026-11-02
- Шинэчилсэн: 2026-11-03
- Мэргэжлийн хяналт: [Dr Ж.Амарзаяа, MD, MPH. PhD](https://wellme.mn/authors/dr-j-amarzayaa), 2026-11-02

![14bb062297ce3e385d5f79d78f377f40](https://s3.cloud.mn/wellme/cdn/2026/11/NGs34UntjWp2.webp)

Үе тэнгийн дээрэлхэлт (bullying) нь хүүхэд, өсвөр насныхны дунд түгээмэл тохиолддог нийгэм, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм. Үүнийг нэг буюу хэд хэдэн үе тэнгийн хүүхэд, өсвөр насныхны зүгээс бусдад хор хөнөөл учруулах зорилготой, давтамжтайгаар үйлдэгддэг сөрөг зан үйл бөгөөд үйлдэгч болон хохирогчийн хооронд хүчний тэнцвэргүй байдал оршдог нөхцөл байдлаар тодорхойлдог (Gladden нар, 2014; Olweus, 1993, 2013).

Дээрэлхэлт нь дараах гурван үндсэн шинжийг агуулдаг. Үүнд:

- Бусдад хор хөнөөл учруулах санаатай байх (*intention to harm*);
- Давтамжтайгаар үйлдэгдэх (*repetition*);
- Үйлдэгч ба хохирогчийн хооронд хүчний тэнцвэргүй байдал орших (*power imbalance*) (Olweus 2013)

Иймээс дээрэлхэлт нь зөвхөн нэг удаагийн зөрчил, маргаан бус, харин хохирогчийг санаатайгаар давтан дарамтлах шинжтэй сөрөг зан үйлийн хэлбэр юм.

**Дээрэлхэлтийн хэлбэрүүд**

**Уламжлалт дээрэлхэлт**

Уламжлалт буюу нүүр тулсан дээрэлхэлт нь дараах хэлбэрээр илэрдэг.

- **Бие махбодын дээрэлхэлт**: цохих, түлхэх, өшиглөх, эд зүйлсийг нь булаах, эвдэх;
- **Үгэн дээрэлхэлт**: доромжлох, хочлох, заналхийлэх, шоолох;
- **Харилцааны (нийгмийн) дээрэлхэлт**: гадуурхах, бүлгээс хасах, худал цуурхал тараах, нэр хүндэд нь халдах.

**Цахим дээрэлхэлт**

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим дээрэлхэлт (cyberbullying) түгээмэл болсон. Цахим дээрэлхэлт нь хувь хүн эсвэл бүлэг хүмүүс цахим орчин, сошиал сүлжээ, мессеж болон бусад дижитал платформыг ашиглан бусдад хор хөнөөл учруулах зорилгоор санаатай, давтамжтай үйлдэл хийхийг хэлнэ (Menesini нар, 2012).

Судлаачид хүүхэд, өсвөр насныхныг дээрэлхэлтэд оролцож буй байдлаар нь дараах гурван бүлэгт ангилдаг (Haynie нар, 2001).

**Хохирогч (Victim)**

Бусдын дээрэлхэлтэд өртдөг хүүхэд, өсвөр насныхан.

**Үйлдэгч (Perpetrator)**

Бусдыг дээрэлхдэг хүүхэд, өсвөр насныхан.

**Хохирогч-үйлдэгч (Victim-perpetrator)**

Өөрсдөө дээрэлхэлтэд өртдөг атлаа бусдыг мөн дээрэлхдэг хүүхэд, өсвөр насныхан.

Дээрэлхэлт нь зөвхөн хувь хүний асуудал бус, дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудалд тооцогддог ба хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндэд богино болон урт хугацааны ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Судалгаагаар дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд нь дээрэлхүүлж байгаагүй хүүхдүүдтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутрал, өөрийгөө гэмтээх зан үйл болон амиа хорлох оролдлого хийх магадлал ойролцоогоор хоёр дахин өндөр байдаг болохыг тогтоожээ (Moore нар, 2017).  Судалгааны үр дүнгээс үзэхэд дээрэлхэлтэд өртөх нь дараах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

- Сэтгэл түгших эмгэг;
- Сэтгэл гутрал;
- Өөрийгөө гэмтээх зан үйл;
- Амиа хорлох оролдлого;
- Архи болон мансууруулах бодисын зохисгүй хэрэглээ;
- Нийгмийн харилцааны хүндрэл;
- Сурлагын доголдол.

Хүүхэд болон өсвөр насандаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүмүүс нь дээрэлхэлтэд өртөөгүй хүмүүстэй харьцуулахад насанд хүрсэн хойноо сэтгэл түгших эмгэгээр өвчлөх эрсдэл 1.5 дахин өндөр байдаг. Харин сэтгэл гутралд өртөх  магадлал 1.80 (95% ИИ: 1.56-2.08) дахин өндөр гарсан нь хүүхэд, өсвөр насандаа дээрэлхэлтэд өртсөн хүмүүсийн сэтгэл гутралын эмгэг үүсэх эрсдэл дээрэлхэлтэд өртөөгүй хүмүүстэй харьцуулахад ойролцоогоор 80%-иар өндөр байгааг харуулж байна (Жадамбаа нар, 2021).

---

![6aed2d00001d4a38cff2656bddbfdaad](https://s3.cloud.mn/wellme/cdn/2026/11/DSxqsKXjDtdA.webp)

**Дүгнэлт**

Үе тэнгийн дээрэлхэлт нь хор хөнөөл учруулах санаатай, давтамжтай үйлдэгддэг бөгөөд хүчний тэнцвэргүй байдалд тулгуурласан сөрөг зан үйлийн хэлбэр юм. Энэ нь уламжлалт болон цахим гэсэн үндсэн хоёр хэлбэртэй бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн болон нийгмийн хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Судалгааны нотолгоонууд дээрэлхэлтэд өртөх нь түгшүүрийн болон сэтгэл гутралын эмгэг, өөрийгөө гэмтээх зан үйл, амиа хорлох оролдлого зэрэг урт хугацааны эрүүл мэндийн эрсдэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг болохыг харуулж байгаа тул дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хөндлөнгөөс оролцох арга хэмжээг боловсрол, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай юм.

---

**Иш татах:** Dr Ж.Амарзаяа. "Үе тэнгийн дээрэлхэлт ба сэтгэцийн эрүүл мэнд". Wellme, 2026-11-02. https://wellme.mn/posts/ue-tengiin-deerelkhelt-ba-setgetsiin-eruul-mend

**Анхааруулга:** Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд эмчийн зөвлөгөө, онош, эмчилгээг орлохгүй. Нэмэлт тэжээл хэрэглэх, эмчилгээгээ өөрчлөхөөс өмнө эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
